Эм хэрэглэхэд мэдэх ёстой зүйлс
- Халуурч байгаа болон аль нэгэн өвдөлт бол 20-45 минутын дотор үр дүн илэрнэ,
- Зүрхний өвдөлт бол 5 минутын дотор намдах ёстой,
- Нянгийн халдвар бол нэг хонгийн дотор засарч эхлэх
- Даралт бол 7 хоногийн дараа 20-р буурсан байх,
- Гуурсан хоолойн багтрааны хөдлөлөөс сэргийлэх эмчилгээг үдэш,
- Ходоодны шархлааны эмчилгээнд Н2-блокаторыг үдэш,
- Зүрхний шигдээс болж болзошгүй тохиолдолд түүнээс сэргийлэх эмчилгээг өглөөгүүр,
- Зүрхний хурц дутагдал болж болзошгүй тохиолдолд түүнээс сэргийлэх эмчилгээг оройд,
- Гипертонийн кризээс сэргийлэх эмчилгээг артерийн даралтын өндөрсөлтийн үеэс 2 цагийн өмнө (ихэвчлэн 15.00-17.00 цагийн үед),
- Лейкозын эмийг 14.00-19.00 цагийн үед,
- Глюкокортикойд гормон эмчилгээний тунгийн ихэнхийг өглөөгүүр,
- Харшлын эсрэг эмчилгээг 19.00-20.00 цагийн үед тус тус хийвэл ихээхэн үр дүнтэй байдаг болох нь нотлогджээ
Эмийн талаар эмчээс заавал зөвлөгөө авах тохиолдлууд
- Өөр эмчийн бичиж өгсөн эм, чөлөөтэй зарагддаг эм (амин дэм, ходоодны хүчлийг саармагжуулах эм, өвчин намдаах эм, ханиалга, ханиадны эсрэг эм, өтгөн хаталтын эсрэг эм г.м.), уламжлалт анагаахын эмүүд зэрэгийг хамтруулж ууж байгаа тохиолдолд
- Пиво, архи зэрэг согтууруулах ундаа тогтмол хэрэглэж байгаа тохиолдолд.
Дараах зүйлийг Эмчээсээ заавал тодруулан асууж байх:
- Эм ямар үйлдэлтэй
- Эм хэрэглэхэд биед ямар өөрчлөлт гарч болох?
- Ямар гаж нөлөө гарч болох ?
- Эм уух хугацаанд юуг анхаарах? (тодорхой нэг хоол хүнс, шингэнийг хэрэглээнээсээ түр хугацаагаар хасах шаардлагатай юу, бусад эмийг хэрэглэхээ болих уу, машин барьж болох уу г.м.)
- Эмийг хэдий хугацаагаар уух?
Эмийг зохистой хэрэглэх заавар
Хийх ёстой зүйлс:
- Эмийг эмчийн зөвөлгөө болон “Хэрэглэх заавар”-ын дагуу тохирох тунгаар, хэрэглэх цагаар, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх.
- Эмийг хэрэглэхийн өмнө тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.
- Ямар нэг гаж нөлөө гарвал эмчид ханд
- Эм уусан талаараа өдөр бүр тэмдэглэгээ хийж байх хэрэгтэй.
- Шингэн эмийг уухдаа савны хаягтай хэсгийг дээш нь харуулж эмийг хэрэглэх хэрэгтэй. Эмийг хэрэглэж дуусахаас өмнө хаяг нь унахаас болгоомжилж байх. Мөн бичиг нь арилах магадлалтай бол хадгалах талаар анхаарах хэрэгтэй.
- Эмийг хүүхэд хүрэхээргүй газар тавих.
- Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх.
- Хүүхдэд эм хэрэглэхдээ зөвхөн эмчийн заавраар өгөх.
- Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглэх.
- Эмийг өөрийнх нь саванд хадгалах нь чухал. Зарим эм бараан саванд хадгалах зориулалттай байхад заримыг нь зөвхөн шилэн саванд хадгалах хэрэгтэй байдаг.
- Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалах
Хийж болохгүй зүйлс:
- Эмчээс асуулгүйгээр хэд хэдэн эм хольж уух
- Урьдны өвчинтэй шинж тэмдэг нь ижил байсан ч өмнө нь ууж байсан эмээ одооны өвчинд тохирно гэж үзэх.
- Өвчний шинж тэмдэг адил байсан ч бусдад бичиж өгсөн эмийг дуурайж уух, өөрийн ууж байгаа эмээ бусдад өгөх. Нэг эм хүн хүнд өөр өөр үйлдэл үзүүлж болдог.
- Харанхуйд эм уух. Эм уухын өмнө эмийн нэрийг гэрэлтэй газар шалгаж хэвших.
- Хугацаа дууссан эмийг хадгалах. Ийм эмийг хүүхдэд очихоос сэргийлж жорлонд хийж усыг нь татах
- Хугацаа нь хэтэрсэн эмийг бүү хэрэглэ.